ЦАХИМ ОРЧИНД “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран  “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” ухуулга нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж байна.

 

2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдах уг арга хэмжээ нь одоогоос яг 1 жилийн өмнө өрнөж байсан “UNFRIEND” хөдөлгөөний үргэлжлэл бөгөөд энэ удаад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийн хүрээнд  хүүхэд залуус, эцэг эх, олон нийтийг илүү мэдлэг мэдээлэлжүүлэх, зааж сургах, арга замыг нээх, сурталчлан таниулах байдлаар “ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ БАЙХ” мэдлэг чадварыг олгоход чиглэж байгаагаараа онцлогтой.

 

 

“ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ”  арга хэмжээний хүрээнд анхааруулан сэрэмжлүүлсэн, мэдээлэн таниулсан контент, мэдлэг чадвар олгосон төрөл бүрийн контент, мэдээлэл сурталчилгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчноор дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна төрийн болон ТББ-тай хамтран их дээд сургууль, ЕБС-уудад өдөрлөг, сургалт хийж,  хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллана.

 

Манай Улсад нийгмийн сүлжээний  идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор  2.2 саяд  хүрсэн нь сүүлийн 3 жилд дунджаар  17.5 хувиар өссөн байна.  Нийгмийн сүлжээний нийт хэрэглэгчдын 51,7 хувь нь өсвөр насны хүүхэд залуус  байгаа /0-20 нас/  бөгөөд тэдний 92 хувь нь зөвхөн Фэйсбүүкийн хэрэглэгчид байна.

Хүүхдүүдийн интернэт хэрэглээ маш өндөр байгаагийн цаана тэд цахим орчинд зохисгүй  контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, сэтгэл зүйн  болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох  зэрэг эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ нь нэг үндэстний хэмжээнд бус, дэлхийн олон улсын өмнө хурцаар тавигдаж, уг асуудлыг эрх зүйгээр төрөлжүүлэн зохицуулах, технологийн оновчтой шийдлийг хэрэглэх, олон нийтийн ухуулга сурталчилгаа, мэдлэг мэдээллийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хослуулан авч хэрэглэж байна.

Эх сурвалж: http://cita.gov.mn


    Сэтгэгдэл үлдээх

    Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн