Skip to content

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

радио6

Улаанбаатар хотын  радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт  болгон нэмэгдүүлж,  Холбооны  хэрэгсэл засварлах анхны газрыг байгуулсан байна. 1943-1947 онуудад Радио нэвтрүүлэх  станцыг нөөцтэй болгох асуудал дайны  жилүүдэд яригдаж, нөөц нэвтрүүлэх станцыг Улаанбаатар хотын Ногоон нуурын зүүн талд 1 кВт –ын чадалтай богино долгионы нэвтрүүлэх станц  модон матчтай антентайгаар байгуулж,  радио холбооны зориулалтаар ашиглаж, радио нэвтрүүлгийн нөөц станцтай байхаар төлөвлөжээ. Мөн Сүхбаатар, Баян- Өлгий, Хужирт, Төв аймаг, Баянхонгор аймаг, Хөвсгөлийн аймгийн Хатгал тосгонд тус, тус радио узелиуд шинээр байгуулагдсан байна.

МАХН-ын 11-р  их  хурлаас 1947 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус  төлөвлөгөөт зорилтуудын дагуу Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй шууд харилцаа тогтоох зорилгоор аймгийн төвүүдэд харилцааны радио станцууд байгуулах, 280  сумыг  “Родина” хүлээн авагчтай болгох, томоохон сум, суурин газруудад  радио зангилаа байгуулж, радио  цэгийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайн 5 жилдээ хийж дуусгажээ.

Монголын богино долгионы радио нэвтрүүлгийг Европын зарим орон, тухайлбал  Швед, Англид сонссон тухай захидал мэдээ ирдэг болж, 1947 онд Америкийн Атлантик-сити, 1948  онд  Мексикийн Мехико хотноо болсон радио давтамжийн Олон улсын бага хуралд Монголын радиогийн төлөөлөгчөөр Холбооны сайд З.Аюурзана, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, н.Норовсамбуу нар оролцов.

Анхны радио нэвтрүүлэх станцын  хүчин  чадал /10кВт/ багадаж, сонсголын  чанарт нөлөөлөх болсонтой холбогдуулан тус станцын хүчин чадлыг 15 кВт  хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж  хэрэгжүүлснийг Холбооны сайдын 1953 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 40-р  тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авч байжээ. Мөн онд  Монгол Улсад Харилцаа холбоо үүсч хөгжсөний ойг 1953  оны 7 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн  өнгөрүүлэх баярын хуралд тэмдэглэхдээ “… Манай улсын радиожуулалт их хөгжиж, бүх сумдууд радиожуулагдаж, одоо бүх багийн 50  хувь, ардын үйлдвэрлэлийн нэгдлийн 40 хувь, өвс  хадах  станцын морин станцын 60 гаруй хувь радиожуулагдаад байна. Радио узелийн хүчин чадал 1947 оныхоос 4,8 дахин  өсч, радио цэгийн тоо сүүлийн 5 жилд 49 хувь, радио хүлээн авагчийн тоо 11 дахин өслөө …” гэж  тэмдэглэсэн байна.

Намын  Төв Хорооны Улс Төрийн Товчооны шийдвэрээр баг тус бүрийг радиожуулах ажлын хүрээнд 1954 онд  500 ширхэг, 1955 онд  800  ширхэг  “Эх  орон” радиогиор хангаж  байжээ. 1954 оноос Холбооны техникум  төгсгөгчдийг радиожуулах  техникч,  “Эх  орон-52” хүлээн  авагчийн  ашиглалтыг  хариуцагчаар  орон нутагт томилон  ажиллуулдаг  болжээ. 1955 онд Холбооны Яамны бүтцэд радио холбоо ба радиожуулалтын хэлтсийг анх байгуулсан байна.

Эхийг cita.gov.mn-ээс

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *