Khuvsgul province

 Хөвсгөл аймаг дахь Радио Сүлжээний Газар

Товч түүхээс

Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газар нь анх “МӨРӨН” Радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэйгээр 1981 оны 2-р сарын 26-ны өдөр ашиглалтанд орж, ЗХУ-ын тусламжаар 150 кВт-ын чадалтай дунд долгионы станц 340 м-ын долгионоор 882 кГц-ын үелзлэл дээр, 12 кВт-ын чадалтай богино долгионы станц 61,2 м-ын долгионоор 4895 кГц-ын үелзлэл дээр радио өргөн нэвтрүүлгийг Монгол орны төвийн хэсэгт дахин дамжуулж эхэлсэн билээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн бүх нутаг дэвсгэр Булган, Завхан, Архангай аймгийн хил залгаа олон сумын оршин суугч ард түмэнд Монголын Радио Өргөн Нэвтрүүлгийг чанартай хүлээн авч сонсох боломжийг бий болгосон юм.

Техникийн ашиглалтыг сайжруулах өргөтгөл хийх зорилгоор 1999 онд SU-155R2 маркийн 50 Вт-ын чадалтай FM-103, FM-105.5 станц, 2003 онд Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар HFB-7840 10 кВт-ын богино долгионы нэвтрүүлэгч тус тус ашиглалтанд оруулснаар хиймэл дагуулаас Монголын үндэсний олон нийтийн радиогийн I, II  программыг зэрэг дамжуулж байна, Радио телевизийн сүлжээний газар нь өдөр бүр Монголын радиогийн I, II программыг 17 цаг дамжуулж байна.

Тус Радио телевизийн сүлжээний газар нь 2009 оны 7-р сарын 1-ний өдрөөс Олон сувгийн телевизийн техникийн ашиглалтыг хариуцан ажиллах болсон.

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор орон даяар 2014 оны 7 дугаар сарын 31-нд телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд бүрэн шилжүүлж DVB-T2 стандартыг сонгон тоон телевизийн станцуудыг ашиглалтанд оруулсан. Энэ үүргийн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизийн нэвтрүүлгүүдийг Мөрөн хотод 200 Вт, Улиастай 100 Вт бусад Завхан, Хөвсгөл аймгийн нийт 46 сум, сууринд 50, 20 Вт чадалтай нэвтрүүлэгчээр тус тус дамжуулж ард иргэдийг дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлгээр хангах үүргээ амжилттай биелүүлж байна.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

  • Төвийн бүсийн радио телевизийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Хөвсгөл, Завхан аймаг  дахь  инженер техникийн ажилтнуудыг шуурхай  удирдлагаар  хангах.
  • Тоног төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллах.
  • Инженер техникийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах.