
Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2023 онд барилгын салбарт 44, хөдөө аж ахуйн салбарт 38, батлан хамгаалах салбарт 28 хувиар дроны зах зээл нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ.
Мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тус тэмцээнд нийт 500 гаруй тамирчин оролцжээ.
Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд ирэх 2026 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулахаар болж, “Dronecon” тугийг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Д.Баасандамба ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд гардуулан өгөв.