
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал нар уулзалтад байлцав.
Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Япон Улсын Засгийн газар, тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Монгол Улсын кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн салбарыг дэмжин ажиллаж буйд талархаж байгаа”-гаа илэрхийлэв. Мөн “ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэх туршлага нь технологид суурилсан шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх бодит суурь болж байна” гэлээ.
Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки “Монгол Улс их өгөгдөл болон хиймэл дагуулын мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглаж буй туршлагыг Японы тал өндрөөр үнэлж байна” гээд хоёр улсын 40 гаруй жилийн түүхтэй статистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцан ашигтай, үр дүнд чиглэсэн түншлэлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа дахин илэрхийллээ.