ЦХИХХЯ, ЦЕГ, И-Монгол академи УТҮГ, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв хамтран өнөөдөр “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ ЦХИХХ-ны сайд Ч.Номин “…ЦХИХХЯ-наас манлайлан хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний суурь болох Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Боловсролын яамтай хамтран боловсруулж байгаа”-г дуулгалаа. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал хэмээн онцолсон юм.
Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, хүүхэд, аав ээж, асран хамгаалагч, багш нарын төлөөллөөс бүрдсэн 800 хүн оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, санал бодлоо илэрхийлж, гарц гаргалгааг тусгасан зөвлөмж гаргалаа. Мөн зөвлөгөөний үеэр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авсан нь бүх талын оролцоог хангах зорилготой.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насныхны 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж, өдөрт дунджаар 3-5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж буй.
Тиймээс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалж, ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал юм.

