RTBN
Шууд Радио

МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА

COP17-ын үеэр “Монгол Улсад ногоон дата төв байгуулах эдийн засгийн боломж” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын байгалийн давуу тал, хөрөнгө оруулалтын орчин, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, санхүүгийн байгууллагуудад танилцууллаа.

Монгол Улсын сэрүүн уур амьсгал нь дата төвийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чухал давуу талтай. Дата төвийн нийт эрчим хүчний хэрэглээний үр ашгийг хэмждэг эрчим хүчний хэрэглээний үр ашгийн үзүүлэлт (PUE)-ийг 1.2-оос доош түвшинд хүргэх боломжтой бөгөөд дэлхийн дундаж 1.54-тэй харьцуулахад хөргөлтийн эрчим хүчний зардлыг 40 хүртэл хувиар бууруулах давуу талтай.

Монгол Улс 2.6 тераваттын сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Нар, салхины нөөцөө дата төвийн эрчим хүчний хэрэгцээтэй уялдуулснаар шинэ эрчим хүчний эх үүсвэр, хуримтлуур, дамжуулах дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэнэ.

Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл нь өгөгдлийн засаглал, аюулгүй байдал, хүртээмж, дэд бүтцийн эрх зүйн суурийг бүрдүүлж, өгөгдлийг хуульд нийцүүлэн ашиглах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байна. Мөн дата төвийн үйлчилгээ эрхлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг тодорхой болгохоор тусгасан.

Хувийн хэвшлийн эрчим хүч үйлдвэрлэгчид хосолсон эх үүсвэр, зориулалтын эрчим хүчний шийдэл, микро сүлжээ хөгжүүлж, дата төвийн төслүүдийг 24 сарын дотор эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Дата төвийн үр өгөөж зөвхөн тооцооллоор хязгаарлагдахгүй. Эрчим хүчний дэд бүтэц нь үндэсний сүлжээг бэхжүүлэхийн зэрэгцээ дата төвөөс үүсэх илүүдэл дулааныг дахин ашиглан сум, орон нутгийн дулаан хангамжид нийлүүлэх боломжтой.

Төр өөрөө дата төв барих бус, эрх зүй, эрчим хүч, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлж, хувийн хэвшил болон ОУ-ын хөрөнгө оруулалт татах замаар өгөгдөл, эрчим хүч, хиймэл оюун, дижитал дэд бүтцэд суурилсан өндөр өгөөжтэй шинэ эдийн засгийн салбар хөгжүүлэхэд оршиж байна.

Эрчим хүч → Тооцоолол → Хиймэл оюун → Өндөр өгөөжтэй шинэ эдийн засаг.