Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзан, “Дронкон-2026” олон улсын тэмцээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
“Дронкон-2026” тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх зорилготой юм.
Тэмцээн нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний шат нь дотоодын хэмжээнд, хоёрдугаар шат нь олон улсын түвшинд явагдах нээлттэй тэмцээн байна.
Тус арга хэмжээ нь дэвшилтэт технологийг энх тайван, хүмүүнлэгийн зорилгод ашиглах боломжийг сурталчлахын зэрэгцээ оролцогч улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.


